SXCOAL: ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТООР IV/11-НД НҮҮРС ТЭЭВРИЙН 215 АВТОМАШИН ГАРСАН

Дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн 215 автомашин БНХАУ руу гарсныг “SXCoal” мэдээллээ. Харин энэ сар гарсаар өдөрт дунджаар нүүрс тээврийн 209 автомашин гарчээ.

БНХАУ-ын тал Монголоос нүүрсний татан авалтаа нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, гуравдугаар сарын 12-ноос боомтоор нэвтрүүлэх нүүрс тээврийн автомашины тоог 200 болгосон юм. Ингэснээр оны эхний хоёр сартай харьцуулахад нүүрсний экспорт бага зэрэг өсөөд байна. БНХАУ-ын удирдлагууд дөрөвдүгээр сарын нэгнээс боомтоор нэвтрүүлэх автомашины тоог дахин 100-аар нэмэгдүүлж, 300 болгохоор тохиролцсон ч энэ шийдвэр дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар хэрэгжиж эхлээгүй байгаа юм.

Гуравдугаар сард хилээр гарах нүүрс тээврийн автомашины тоо нэмэгдсэнээр нүүрсний экспорт өмнөх сараасаа өссөн байна.

Гуравдугаар сард 1.2 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх сараасаа 82 хувиар өссөн дүн боллоо. Хэдий тийм боловч өмнөх оны мөн үеэс 42.8 хувиар бага үзүүлэлт юм. Энэ онд 36.7 сая тонн нүүрс экспортлоход улиралд дунджаар 9.2 сая тонн нүүрс гаргах шаардлагатай. Гэвч оны эхний гурван сарын байдлаар Монгол Улс 2.5 сая тонн нүүрс экспортлоод байгаа аж.

Нүүрсний экспортын зорилтот хүрч чадахгүй нь тодорхой болсон тул төсөвт яаралтай тодотгол хийх шаардлагатайг эдийн засагчид анхааруулж байна.

Мэдээллийн эх сурвалж: https://www.bloombergtv.mn