Д.ЕСӨН-ЭРДЭНЭ: БНХАУ-ЫН 13 ҮЙЛДВЭРТЭЙ ГУРИЛ ЭКСПОРТЛОХ НӨХЦӨЛҮҮДИЙГ ТОХИРСОН

“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулган болж байна.

ХХААХҮЯ-ны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнэ "Монгол Улсын Засгийн газраас 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарт 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгох шийдвэр гарсан. Газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум, хүнсний ногооны үйлдвэрлэлд 50 тэрбум төгрөгийн жилийн гурван хувийн хүүтэй зээлийг хоёр жилийн хугацаанд олгох юм.

Дараагийн нэг асуудал бол хүнсний хангамжийн тогтвортой байдал маш их чухал. Энэ хүрээнд ургац хураалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажилласан. Тухайлбал гурилын болон боловсруулах үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгоод байна. Тариаланчдын хичээл зүтгэл, төр засгийн дэмжлэгээр өмнөх жил арвин ургацын жил байсан. Одоогийн байдлаар 22 мянган тонн улаанбуудайг борлуулах шатанд явж байна.

Нэг сая тонн улаанбуудайг боловсруулан гурил болгох хүчин чадалтай үйлдвэрүүд манай улсад байна. БНХАУ-ын 13 үйлдвэртэй гурил экспортлох хорио цээрийн нөхцөлүүдийг тохирсон.

Улаанбуудай стратегийн бүтээгдэхүүн. Тиймээс улс орон бүр энэ чиглэлийг дэмждэг. ХХААХҮЯ-ны Хөдөө Аж Ахуйг Дэмжих Сангаас /ХААДС/улаанбуудайн үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж тодорхой хэмжээний шатахууныг зээлээр олгодог. Энэ жилийн ургац хураалтын ажилд 22.5 мянган тонн шатахуун хэрэгцээтэй байна. Хаврын тариалалтад 8.4 мянган тонн шатахуун хэрэгтэй.

ХААДС-аас 2.4 тэрбум төгрөгийн шатахууныг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох шийдвэрийг гаргаад байна" гэлээ.

Мэдээллийн эх сурвалж: https://ikon.mn/n/2iu5