МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ

Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол, Хятадын хилийн шугам 4709,6 км үргэлжилдэг. Хоёр тал 1950 онд Улаанбаатар, Бээжин хотноо тус тус Элчин сайдын яамаа харилцан нээсэн. Монгол Улс 1991 онд ӨМӨЗО-ны Хөх хотод Ерөнхий консулын газраа сэргээн байгуулж, 1996 онд түүний салбарыг Эрээн хотод нээсэн бөгөөд 2007 онд Консулын бие даасан газар болгон ажиллуулах болсон. Мөн 2011 онд Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт Ерөнхий консулын газар, 2012 онд БНХАУ-ын Шанхай хотод Консулын төлөөлөл, 2014 онд ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод Консулын газар тус тус байгуулж үйл ажиллагаа явуулж байна.

1949-1962 онд хоёр талын харилцаа шинээр төлөвшин хөгжиж, энэ хугацаанд Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ (1960 он), Хилийн гэрээ (1962 он) зэрэг хоёр орны харилцааны эрх зүйн үндэс суурийг тавьсан олон гэрээ байгуулагдсан. 1994 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсан. Энэхүү гэрээ нь хоёр улсын одоогийн харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлж байна.

1949-2012 онд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг зохицуулсан 400 гаруй гэрээ байгуулагдсанаас 151 гэрээ хүчин төгөлдөр үйлчилж буйг тогтоосон.

2003 оны 6 дугаар сард БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр тал Монгол, Хятадын сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцаагтогтоон хөгжүүлэхээр тохиролцсон.

2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурсан.

2011 онд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг тогтоон хөгжүүлэхээр тохиролцсон.

2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал “Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр”-ийг байгуулсан.

2014 оны 8 дугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Засгийн газар болон хувийн хэвшлийн хооронд нийт 37 баримт бичигт гарын үсэг зурж, хоёр улсын харилцааны түвшинг Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэх улс төрийн шийдвэрийг зарласан.

2014 оны 10 дугаар сард Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНХАУ-д албан ёсны айлчлал хийв.

2015 оны 4 дүгээр сард Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНХАУ-д албан ёсны айлчлал хийв.

Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр тогтвортой хөгжиж байна.

2014 оны байдлаар хоёр орны худалдааны нийт хэмжээ 6.79 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд экспорт 5 тэрбум 70 сая ам.доллар, импорт 1 тэрбум 729 сая ам.доллар болжээ. Нийт экспортын 80 орчим хувь, импортын 30 орчим хувийг БНХАУ эзэлж байна. Түүнчлэн, Монгол Улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалт бүхий нийт аж ахуйн нэгжийн 50 орчим хувь, нийт хөрөнгө оруулалтын дүнгийн 40 орчим хувь нь тус улсад ногдож байна.

Монгол Улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулагч орнуудыг Хятад Улс сүүлийн 14 жил тэргүүлж байна. 1990-2013 оны байдлаар Монгол Улсад БНХАУ-ын 3.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байна.

2013 оны 5 дугаар сард Монгол Улс, БНХАУ-ын ЗГХК-ын ээлжит 13 дугаар хуралдааныг Бээжин хотод зохион байгуулсан. Буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 2010 онд Улаанбаатар хотын Биеийн тамир, спортын ордон ашиглалтад оров. Хятадын соёлын төвийг 2010 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод байгуулсан.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан хоёр тал 2014 оныг “Монгол-Хятадын найрсаг солилцооны жилболгон зарласан.

Хоёр орны боловсролын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн дагуу жил бүр манай 220 оюутан хятадын талын зардлаар суралцаж байна. Хятадын тал хоёр орны соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор ирэх 5 жилийн хугацаанд жил бүр 1000 оюутанг БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах болсноо мэдэгдсэн. Мөн 2005 оноос ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын тэтгэлгээр жилд 100 оюутан хүлээн авч суралцуулж байна. Манай тал ч хятадын тодорхой тооны хүмүүсийг Монголд өөрийн зардлаар сургаж байна.

 

Айлчлалууд

Монголын талаас:

  • 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди
  • 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди
  • 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр
  • 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
  • 1991 онд БНМАУ–ын Дэд ерөнхийлөгч Р.Гончигдорж
  • 1954 онд АИХ–ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу
  • 1960 онд АИХ–ын дарга Б.Жаргалсайхан
  • 1988 онд АИХ–ын дарга Л.Ринчин
  • 1990 онд АИХ–ын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат
  • 1994 онд УИХ–ын дарга Н.Багабанди
  • 2000 онд УИХ-ын дарга Р.Гончигдорж
  • 2008 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл
  • 2013 онд УИХ-ын дарга З.Энхболд /Боаогийн чуулга уулзалт/
  • 2014 онд УИХ-ын дарга М.Энхболд
  • 2014 онд УИХ-ын дарга З.Энхболд
  • 2009 онд УИХ-ын дэд дарга Г.Батхүү
  • 1952, 1959, 1962 онд СНЗ-ийн дарга Ю.Цэдэнбал
  • 1992 онд Ерөнхий сайд Д.Бямбасүрэн
  • 1996 онд Ерөнхий сайд П.Жасрай
  • 1999 онд Ерөнхий сайд Р.Амаржаргал
  • 2002 онд Ерөнхий сайд Н.Энхбаяр
  • 2006 онд Ерөнхий сайд М.Энхболд
  • 2009 онд Ерөнхий сайд С.Баяр
  • 2011 онд Ерөнхий сайд С.Батболд
  • 2013 онд Ерөнхий сайд Н.Алтанхуяг
  • 2014 онд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг
  • 2011 онд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг
  • 2014 онд Шадар сайд Д.Тэрбишдавга
  • 1989 онд ГЯЯ–ны сайд Ц.Гомбосүрэн
  • 1997 онд Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэл
  • 2000 онд Гадаад харилцааны сайд Н.Туяа
  • 2008 онд Гадаад хэргийн сайд С.Оюун
  • 2009 онд Гадаад харилцааны сайд С.Батболд
  • 2012 онд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар
  • 2014 онд Гадаад харилцааны сайд Л.Болд
  • 2015 онд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн

Хятадын талаас:

• 1991 онд БНХАУ–ын Дарга Ян Шанкунь

• 1999 онд БНХАУ-ын дарга Зян Зэминь

• 2003 онд БНХАУ-ын дарга Ху Жинтао

• 2014 онд БНХАУ-ын дарга Си Зиньпин

• 1954, 1960 онд Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жоу Эньлай

• 1994 онд Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пэн

• 2010 онд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао

  • 2008 онд БНХАУ-ын дэд дарга Си Зиньпин

• 1997 онд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Цяо Ши

• 2013 онд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Бангуо

• 2009 онд БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Сан Гуовэй

• 1997 онд Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Цянь Цичэнь

• 2012 онд Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингуо

• 2013 онд Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи

• 2009 онд ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын хорооны гишүүн, Намын Сахилга батыг Хянан шалгах хорооны нарийн бичгийн дарга Хэ Гуоцян

• 2011 онд ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын хорооны гишүүн, Намын Төв хорооны Улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан

• 2012 онд БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, генерал Сью Цайхоу

• 1989 онд Гадаад хэргийн сайд Цянь Цичэнь

• 2001 онд ГЯЯ-ны сайд Тан Зясюнь

• 2007 онд Гадаад хэргийн сайд Ян Жэчи

• 2011 онд Гадаад хэргийн сайд Ян Жэчи

• 2014 онд Гадаад хэргийн сайд Ван И

Like us

Зар сурталчилгаа