images

Ш.ЛАЧИНЖАВ: ЭРЭЭНЭЭР НҮҮРС ГАРААГҮЙ, ХАРИН БУСАД БООМТЫН НҮҮРС ТЭЭВЭР СЭРГЭЖ БАЙНА

Мэдээ, мэдээлэл

2022-05-23

216

БНХАУ-ын Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх штабаас “Монгол Улсаас авах задгай тээврээр энэ сарын 20-ны өдрөөс эхэлж эрчим хүчний нүүрс импортлохыг зөвшөөрсөн тул тээвэр гарч эхэллээ” гэх мэдээлэл гараад байгаа юм. Дээрх мэдээлэл үнэн эсэх, Эрээн-Замын-Үүд боомтын нөхцөл байдлын талаар Бүрэн эрхт боомтын захиргааны дарга Ш.Лачинжаваас тодрууллаа.

-Эрээн боомтоор нүүрс тээвэр явж эхэлсэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Эрээн боомтоор нүүрс тээвэр гарахгүй байгаа. Чингэлгээр зөвхөн иргэдийн ачаа тээвэр буюу бараа материал орж ирж байна. Хоосон чингэлэг ороод иргэдийн ачаа барааг оруулж байгаа хэрэг.

Нүүрс гаргаад эхлэхээр үндсэн дэглэм зөрөх гээд байгаа учраас Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсгээс "түр байж бай" гэсэн тайлбар өгсөн. Боомтоор ачаа тээвэр явуулах анхны хэлэлцээрийн дагуу бол өдөрт таван машин нүүрс тээвэр хийнэ гэсэн байдаг. Таван машинд авто замаар тус бүрд нь хоёр контейнер ачаа гэж тооцвол нийт арван контейнер л гарна гэсэн үг. Энэ хэлэлцээр цар тахлаас үүдэн нүүрс гаргах боломжгүй болсон юм. Тэгэхээр Эрээн боомтоор зөвхөн бараа материал оруулж ирж байгаа бөгөөд нүүрс тээвэрлээгүй. Анхны хэлэлцээрийн таван машинаар чингэлэг гаргах ажлыг сэргээх талаар л яригдаж байгаа.

-Бусад боомтуудаар өдөрт хэчнээн чингэлэг нүүрс тээвэр гарч байна вэ?

-Ханги, Гашуунсухайт, Булган боомтуудаар нүүрс тээвэр гарч байгаа. Нүүрс тээврийг задлаад хэлбэл,

Ханги-Мандал боомтоор өдөрт 70 машин нүүрс гарч байна.

Ганцмод-Гашуунсухайт боомтоор өнөөдөр /2022.05.23/ 425 машин гарч байна. Маргааш /2022.05.24/ 435 машин нүүрс тээвэрт гарах гэж байна. Нэг машин тус бүр дөрвөн чингэлэг ачиж байгаа. Бүх нүүрс чингэлэг буюу контейнераар гарна. Нэг машинд ойролцоогоор 135 тонн нүүрс гаргаж байна гэсэн үг. Сүүлийн хоёр сард халдваргүйжүүлэлт сайн хийж байгаа учраас Гашуунсухайт боомтын татан авалт нэмэгдээд байгаа.

Шивээхүрэн-Сэхээ боомтоор тавдугаар сарын 25-наас нүүрс таталт нээгдэх гэж байна. Энэ боомт хагас жилийн хугацаанд хаалттай байсан боомт нээгдэх гэж байгаа нь энэ. Өдөрт 100-120 машин нүүрсийг чингэлэг тээврээр татан авах төлөвлөгөөтэй байгаа. Нэг машинд мөн л дөрвөн чингэлэг тээвэрлэнэ. Энэ боомтоор гарах нүүрс тээврийг цаашид нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Булган боомтоор өдөрт 146 машин гарч байгаа. Ойролцоогоо 1600 тонн нүүрс гарч байгаа гэсэн үг.

Түүнчлэн , Гашуунсухайт боомт руу тавдугаар сарын 25-наас уртын тээвэр буюу шинэ нэршлээр дундын тээвэр хийж эхэлнэ. Тавантолгойн уурхайгаас Цагаанхад хүртэл нүүрс буулгаад буцаж байгаа. “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс” орон нутгийн “Тавантолгой” гэх гурван том компани дундын тээвэрлэлтийг хийнэ. Энэ бол хил давах бус уурхайн амнаас борлуулалт хийх юм.

Мэдээллийн эх сурвалж: http://itoim.mn/article/KM0Qd/33233


тагууд: мэдээ