images

ГАШУУНСУХАЙТ БООМТЫН ТӨМӨР ЗАМЫН ШИЛЖҮҮЛЭН АЧИХ ТЕРМИНАЛЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

Мэдээ, мэдээлэл

2022-05-26

122

/2022.05.26/: Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.

Тэрбээр,

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн зорилтын хүрээнд Монгол Улсын Гашуунсухайт боомт, БНХАУ-ын Ганцмод боомттой холбогдож экспортын ачаа шилжүүлэн ачих байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг өнөөдөр эхлүүлж байна.

Энэ оны хоёрдугаар сард хоёр улсын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын цэгийг эцэслэн тохирсон. Ингэснээр 14 жил гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн, нарийн царигийн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн.

Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг эзэлдэг уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг билээ. Хэрэв Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам улс төржин гацалгүй бүтээн байгуулалт нь өрнөж 2013 онд дууссан бол 375 сая тонн бүтээгдэхүүн нэмэлтээр экспортолж, хамгийн багадаа 80 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олох байсныг холбогдох мэргэжлийн байгууллагууд тооцоолон гаргасан. Энэ бол туйлын харамсалтай сургамж бөгөөд дахин давтаж үл болох гашуун туршлага юм. Бидний алдагдсан боломжийн өртөг өнөөдөр Монгол Улсын нийт гадаадын өртэй дүйцэхүйц хэмжээнд байна.

Нэг үгээр хэлбэл, бид 2013 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулсан байсан бол Монгол Улс гадаад өрийн дарамтгүй байх боломж байсан юм.

Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж, томоохон төслүүдийг богино хугацаанд хэрэгжүүлэх бодит боломж үүсэж байна.

Цар тахлын болон дайны нөхцөл байдлаас хамаарч Засгийн газарт бодит сорилт учирч байгаа боловч хүнд өдрүүд шинэ боломжийг бий болгодог гэдэгчлэн Шинэ сэргэлтийн бодлогын зургаан багц асуудлын 40 гаруй том төслүүдийн үндсэн шийдэл гарч дууссаныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр зам энэ намартаа багтаж бүрэн ашиглалтад орох болно. Энэ хоёр төмөр зам ашиглалтад орсноор жилд 50 сая тонн бүтээгдэхүүн нэмэлтээр экспортлох боломжтой болно.

Хоёр талын холбогдох байгууллагуудын удаан хугацааны яриа хэлэлцээ болон халдвар хамгааллын дэглэмийг үр дүнтэй зохион байгуулсны үр дүнд энэ тавдугаар сарын 25-наас нүүрсний уртын тээвэр эхэллээ. Мөн энэ сарын 31-нээс задгай тээвэр эхэлснээр боомтын гацаа шийдэгдэж, олон сар огцом буурсан экспортын хэмжээ нэмэгдэж, улсын төсөвт төвлөрүүлэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэвийн болж, Монгол Улсын эдийн засгийн эерэг үзүүлэлт нэмэгдэх боломж бүрдэж байна.

Гашуунсухайт боомтоор энэ нэгдүгээр сард өдөрт дунджаар 120 орчим зэсийн баяжмал, нүүрсний экспортын машин нэвтэрдэг байсан бол энэ сарын байдлаар өдөрт 398 машин нэвтэрч байна. Хэрэв бид халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж чадвал цаашид цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрч, 800 машин нэвтрэх боломж бүрдэнэ.

Эрхэм төрийн тусгай албан хаагчид, инженер техникийн ажилтнууд аа,

Цар тахлын нэн амаргүй цаг үед Гашуунсухайт боомтын Цагаанхад суурьшлын бүсэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, Монгол Улсын экспортыг тасралтгүй үргэлжлэх боломжийг бүрдүүлж чадсан хилийн цэрэг, цагдаа, дотоодын цэрэг, гэрээт цагдаагийн 300 гаруй албан хаагчид, энэхүү онцгой дэглэмийг чанд мөрдсөн экспортын тээврийн жолооч Та бүхэндээ талархал илэрхийлье.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, Шилжүүлэн ачих терминалын барилгын ажилд оролцож буй нийт хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд, инженер техникийн ажилтнууд, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ажлын амжилт хүсье.

Бүтээн байгуулалтыг товлосон хугацаандаа буюу Ардын хувьсгалын түүхт 101 жилийн ойгоос өмнө ашиглалтад оруулж, Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдалд шинэ хуудас нээсэн өдөр эргэн уулзах ерөөлийг дэвшүүлье.

“Шинэ сэргэлтийн бодлого” Монгол Улсын өнцөг булан бүрт хэрэгжиж Монгол Улсын мандан бадрах болтугай гэлээ.

Мэдээллийн эх сурвалж: https://mpress.mn/p/8692