images

ЭРЭЭНИЙ ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХЯНАХ ХОРООНООС МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

Мэдээ, мэдээлэл

2022-06-02

216

Ковид-19 вирусийн халдварын 4 тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗО-ы Эрээн хотод хэрэгжүүлж буй хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээтэй танилцана уу.

БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗО-ы Эрээн хотын Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, хянах хороо 6 дугаар сарын 2-нд буюу өнөөдөр өглөө мэдэгдэл гаргалаа.

Уг мэдэгдэлд дурдсанаар, 6 дугаар 2-ны үүрээр тус хотод шинэ коронавирусийн халдварын дөрвөн тохиолдол батлагдсан байна.

Халдварын тархалтын хүрээг таслан зогсоож, ард иргэдийнхээ эрүүл мэнд болон аюулгүй байдлыг хамгаалахын тулд Эрээн хотын тахлаас урьдчилан сэргийлэх, хянах хороо тус хотод дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр шийджээ. Үүнд:

1. Хотыг бүхэлд нь нам гүм байдалд буюу хөл хорионд орууллаа. Онцын шаардлагагүй бол гадагшаа гарах, олуулаа цугларах хориотой. Зарчмын хувьд гэрээсээ гарч болохгүй. Эерэг тохиолдол илэрсэн хорооллын буюу “хаалттай бүс”-ийн оршин суугчдыг гэрээс гаргахгүй бөгөөд тэдэнд зориулан “хаалганаас хаалганд” үйлчилгээг хэрэгжүүлнэ. “Хяналтын бүс”-ийн оршин суугчид тухайн бүсээсээ гарч, олноороо цуглаж болохгүй бол “урьдчилан сэргийлэх бүс”-ийн оршин суугчид хүн хоорондын зай барих ёстой бөгөөд олуулаа цугларах мөн хатуу хориотой.

2. Хотын бүх авто зам болон хот руу нэвтрэх цэгүүдэд замын хөдөлгөөнийг хатуу хянах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тодруулбал, хувь хүмүүс болон тээврийн хэрэгслүүд Эрээн хот руу орох болон тус хотоос гарахыг хатуу хориглолоо. Харин тахлаас урьдчилан сэргийлэх болон хянах газруудын ажилтнууд болон түргэн, гал түймэр, цагдаа зэрэг ард иргэдийн аж амьдралд амин чухал үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын тээврийн хэрэгслүүд Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, хянах хорооноос албан ёсоор зөвшөөрөл авсны дараа л гарч, орж болно. Автозам, төмөр зам, иргэний агаарын тээвэр гэх мэт нийтийн тээврийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоож байна. Эрээн хотын оршин суугчид, тэдний дотор гацсан хүмүүс зайлшгүй шаардлагагүй бол хотоос гарч болохгүй. Хэрвээ тодорхой нөхцөл байдлын улмаас хотоос гарах шаардлагатай бол хотын холбогдох газраас зөвшөөрөл авна.

3. Супермаркет, эмийн сан болон эмнэлгийн байгууллагуудаас бусад бүх газар, тухайлбал худалдаа үйлчилгээний төв, ресторан, бассейн, интернэт кафе, кино театр, бялдаржуулах төв, соёл аялал жуулчлалын газруудын үйл ажиллагааг зогсоосон байна.

4. Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх газрыг түр хааж, шашинтай холбоотой арга хэмжээнүүд явуулахыг хориглолоо. Мөн нийгмийн халамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд, тухайлбал, өндөр настны асрамжийн газар руу орж, гарахыг хориглолоо. Өндөр настны асрамжийн газар, хорих ангиуд руу эргэлт оруулахыг хориглож, тэдгээрийг зөвхөн “хаалттай горим”-оор ажиллуулна. Хувийн эмнэлгүүд бүгд хаагдсан. Бага, дунд сургууль болон цэцэрлэг танхимаар хичээллэхээ зогсоож, онлайнаар хичээлээ зааж эхэллээ. Төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд болон нийгмийн янз бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд олныг хамарсан үйл ажиллагаа явуулах хориотой. Товлогдсон хурим найрыг хойшлуулж, төрөл бүрийн хүлээн авалт зохион байгуулахыг хориглосон бол оршуулгын үйл ажиллагааг зөвхөн гэр бүлийн хүрээнд үйлдэхийг зөвшөөрч байна.

5. Нийт ард иргэдэд өөрсдийгөө хамгаалж, халдвар авсан хүмүүстэй ижил маршрутаар явж, ямар нэгэн байдлаар харьцсан эсэхээ нягтлах, хэрвээ тэгсэн бол холбогдох газарт аль болох шуурхай мэдэгдэхийг, ажлын газар болон зочид буудалд байрлаж байгаа бол байрлаж буй газартаа нэн даруй мэдэгдэж, шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна. Хэрвээ халуурах, хуурай ханиалгах, ядарч сульдах, хоолой өвдөх, үнэрлэх болон амтлах мэдрэмжээ алдах, суулгах гэх мэт шинж тэмдэг илэрч байвал дур мэдэн эм уухаас татгалзаж, холбогдох газарт аль болох шуурхай мэдэгдэнэ үү.

6. Төрийн байгууллагуудын ажилтнууд бүгд гэрээсээ буюу онлайнаар ажиллана. Нийтийн орон сууцны холбоод коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ.

7. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хугацаанд холбогдох журмуудыг дагаж мөрдөхөөс татгалзах, тухайлбал хаалттай бүсээс гарах, нуклейн хүчлийн шинжилгээ өгөхөөс татгалзах, тусгаарлан ажиглах бүсээс гарах, худал цуурхал тараах, үймээн дэгдээх, нийгмийн хэв журмыг алдагдуулах зэргээр хууль бус үйлдэл гаргасан тохиолдолд хууль хяналтын байгууллагууд хатуу арга хэмжээ авна.

8. 6 дугаарын 2-ны өглөөний 7:00 цагаас Эрээний оршин суугчдыг бүх нийтийн нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулна. Шинжилгээг түргэн шуурхай, эмх цэгцтэй авч, аюулгүй байдлыг хангахын тулд шинжилгээ авах цаг болон байршлыг хороо бүрд урьдчилан мэдэгдэнэ. Шинжилгээ авах хугацаанд иргэд аюулгүй байдлаа хангахын тулд амны хаалт зүүж, иргэний үнэмлэхээ биедээ авч явж, 1.5 метрийн зай барина.

Эх сурвалж: Xinhua

Мэдээллийн эх сурвалж: https://www.presscenter.mn/Niigem/delhii-dahin/ereen-hot-covid-19-hol-horio


тагууд: мэдээ