Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ӨМӨЗО-ы Намын хорооны дарга Сүнь Шаочөн бараалхав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг БНХАУ-ын Ганцмод боомтод ажиллах үеэр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны дарга Сүнь Шаочөн бараалхав.
Талууд хоёр улсын хооронд 1955 онд байгуулсан төмөр замын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулж, Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замыг холбосноос хойш хийгдэж буй хоёр дахь төмөр замын холболтын бүтээн байгуулалт, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэн үйл явдлын гэрч болсонд баяртай байгааг илэрхийлэв.
Энэ үеэр нүүрс экспорт, импортын хамтын ажиллагааг урт хугацаанд, тогтвортой явуулах, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сэргээгдэх эрчим хүч, байгаль хамгаалал, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр санал нэгдэв. Мөн хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэр дундаа машинтай аяллын эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлаар санал солилцов.
Талууд Монгол, Хятадын ЭКСПО-5 арга хэмжээний бэлтгэлийг сайтар хангаж, амжилттай хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллахаар боллоо.