Ерөнхий консулын мэндчилгээ
2022-11-02
Монгол Улсаас БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод суугаа Ерөнхий Консулын Газрын цахим хуудсанд тавтай морилно уу.
Тус Ерөнхий Консулын Газар нь байгуулагдсан цагаасаа Монгол Улсынхаа эрх ашгийг илэрхийлэн хамгаалах, Монгол – Хятадын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд болон өөрийн улсын иргэд, байгууллагуудад төрийн дэмжлэг туслалцааг үзүүлэж байна.
Монгол Улс БНХАУ хоёр нь түүхэн хувь заяагаар хаяа нийлэн Азийн уудам нутагт мянга, мянган жил зэрэгцэн оршиж ирсэн найрсаг харилцаатай хөрш орнууд билээ. Монгол, Хятад хоёр улс нь, улс төрийн хувьд бүрэн итгэлцсэн, эдийн засгийн хувьд харилцан нөхсөн, ард иргэд нь элэгсэг дотноор харилцдаг, олон улс, бүс нутгийн асуудлаар хамтран ажилладаг билээ.
Хоёр талын хамтын ажиллагааны хүчин чармайлтын үрээр Монгол-Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бүх салбарт өргөжин гүнзгийрч, иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрээд байна. Монгол Улсын Засгийн Газрын гадаад бодлогын нэг гол чиглэл бол гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, Монгол иргэдийн үүсгэн санаачилсан байгууллага, холбоодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, аливаа санал санаачилгыг дэмжин ажиллах явдал байдаг. Та бүхэн Өвөр Монголын Өөртөө Засах Оронд байх хугацаандаа тус орны хөгжлийн туршлага, тэргүүний техник технологийг суралцахын зэрэгцээ Монгол улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, хоёр орны ард түмний хэлхээ холбоог зузаатгахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн.
Ерөнхий консул
Ш.Оргил