БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАРИЛЦАА

2022-11-03


БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАРИЛЦАА

1950 онд Монгол, Хятад хоёр улсын хооронд цэргийн харилцаа тогтоосон. Үүнээс хойш 70 шахам жилийн түүхэнд цэргийн харилцаа өгсөж уруудсан үеүд байгаа боловч үндсэндээ идэвхтэй өргөжин хөгжиж ирлээ.

1950-1960-аад оны эх хүртэл хугацаанд цэргийн харилцаа нь цэргийн төлөөлөгчид харилцан айлчлах, цэргийн дуу бүжгийн чуулгын тоглолт, спортын уралдаан тэмцээн хийх, худалдааны журмаар цэргийн хэрэглээний агт морьдыг Монголоос Хятадад нийлүүлэх зэрэг хэлбэрээр хөгжиж байжээ.

           1955 онд БНМАУ-ын Ардын цэргийн жанжин дэслэгч генерал С.Батаа; 1959 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалах   яам (БХЯ)-ны сайд маршал Пэн Дэхуй; 1961 онд БНХАУ-ын БХЯ-ны орлогч сайд армийн генерал Шуй Гуанда нар харилцан айлчилж байв.

           1960-аад оны эхнээс 1990 он хүртэл 30 орчим жил хоёр улсын цэргийн харилцаа тасарсан бөгөөд БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд Ц.Гомбосүрэн 1989 оны хавар БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр хоёр улсын цэргийн харилцааг сэргээх санал тавьсныг Хятадын тал дэмжиж, Монгол Улсын БХЯ-ны урилгаар 1990 оны 9 дүгээр сард БНХАУ-ын БХЯ-ны Гадаад харилцааны   ерөнхий газрын дарга хошууч генерал Фу Жяпин Монголд айлчилснаар хоёр талын цэргийн харилцаа сэргэжээ.

           Үүнээс хойш 2003 он хүртэл хугацаанд хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа бүрэн хэвийн болж, цэргийн өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжсон. Энэ 13 жилд Батлан хамгаалахын сайд нар 5 удаа, ЗХЖШ-ын дарга нар 4 удаа, цэргийн бусад өндөр албан тушаалын   төлөөлөгчид 17 удаа харилцан айлчилжээ.

           1993 оноос Хятадын БХЯ-наас Монголын Зэвсэгт хүчинд цэргийн буцалтгүй тусламж олгож, 1996 оноос Хятадын цэргийн их, дээд сургуулийн дамжаанд Монголын цэргийн алба хаагчдыг сургаж эхэлсэн.

           1997 онд “Монгол Улсын БХЯ, БНХАУ-ын БХЯ хоорондын хамтын ажиллагаа, солилцооны тухай Протокол”-д гарын үсэг зурснаар хоёр талын цэргийн харилцаа, хамтын ажиллагааны хэм хэмжээг зохицуулсан албан ёсны баримт бичигтэй болсон.

           2004 оноос хойш цэргийн итгэлцэл бэхжиж, батлан хамгаалах салбарын харилцаа улам өргөжин хөгжиж байна. 2004 онд хоёр орны БХЯ хоорондын анхны зөвлөлдөх уулзалт хийв. 2005 онд “Монгол Улсын БХЯ, БНХАУ-ын БХЯ хоорондын хамтын ажиллагааны тухай Хэлэлцээр”-т, 2013 онд “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын цэрэг-техникийн салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээр”-т тус тус гарын үсэг зурсан.

           “Дээд хэмжээний харилцан айлчлал:”

           2015 онд:

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Чан Ваньцюань Монголд айлчилсан.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Бээжин хотод болсон Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд   оролцсон.

           2016 онд:

Монгол Улсын ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа БНХАУ-д айлчилсан.

БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн Нэгдсэн штабын орлогч дарга адмирал Сүн Жяньгуо Монголд айлчилсан.

2018 онд:

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНХАУ-д айлчилсан.

Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газрын дарга хошууч генерал Ц.Сэргэлэн БНХАУ-д айлчилсан.

“Зөвлөлдөх уулзалт”

Хоёр талын батлан хамгаалах болон аюулгүй байдлын асуудлаарх 9 дэх удаагийн зөвлөлдөх уулзалт 2016 оны 8 дугаар сард Улаанбаатарт, 10 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт 2018 оны 11 дүгээр сард Бээжинд тус тус болсон.

“Сургалт”

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд манай улсад айлчлахдаа 5 жилийн хугацаанд 500 цэргийн алба хаагчийг үнэ төлбөргүй сургахаар амласан нь үндсэндээ хэрэгжээд байна.

2018-2019 оны хичээлийн жилд Хятадын цэргийн их дээд сургуульд нийт 114 сонсогч, үүнээс бакалаврын сургалтад 17, мэргэжил дээшлүүлэх   дамжаанд 94, докторантурт 3 сонсогч суралцаж байна.       

“Тусламж”

Хятадын БХЯ-наас 1993-2015 онд Монголын Зэвсэгт хүчинд нийт 248 сая юанийн тусламж олгосон нь шатахуун, бөс даавуу, эмнэлгийн тоног төхөөрөмж, теле студийн тоног төхөөрөмж, үлээвэр хөгжим, гадаад хэлний иж бүрэн танхим, барилгын материал, компьютер, том дунд оврын автобус,   сум үл нэвтрэх хантааз, агсамж, зам засвар, барилгын техник төхөөрөмж, “Монгол-Хятадын энхийн төлөө нөхөн сэргээх цогцолбор төв”-ийн цогцолбор барилгын материал хэлбэрээр нийлүүлэгджээ.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын 2018 онд хийсэн айлчлалын үеэр цэрэг-техникийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд 50 сая юанийн буцалтгүй тусламж олгох тухай хэлэлцээрт гарын үсэг зураад байна.   

“Салааны хэмжээний хамтарсан сургууль”

Хоёр тал хамтран 2009 онд “Энхийг сахиулагч элч”, 2013 онд “Талын манлайлагч”, 2015 онд “Анчин бүргэд” хамтарсан цэргийн хээрийн сургуулиудыг тус тус амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн Хятадын тал 2015 оноос эхлэн Монголд зохион байгуулдаг “Хааны эрэлд” олон улсын   энхийг сахиулах чиглэлийн хамтарсан хээрийн сургуульд 4 жил дараалан 35-52 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг илгээн оролцуулаад байгаа юм.