Гэрлэлтийн бүртгэл

2026-10-09


Ерөнхий консулын газарт БНХАУ-ын ӨМӨЗО-д байнга оршин суугаа Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл БНХАУ-д удаан хугацаагаар амьдарч буй гадаад улсын иргэнтэй гэрлэх бол гэрлэлтийг бүртгэнэ. 

Гэрлэх хосууд гэрлэлтээ бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж, Ерөнхий консулын газарт заавал өөрсдийн биеэр ирж бүртгүүлнэ:

1. Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх өргөдлийг Ерөнхий консулын газрын нэр дээр тус тусдаа гаргана. (Өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, гэр бүлийн байдал, сайн дурын үндсэн дээр гэр бүл болж байгаа, БНХАУ-д амьдарч буй хаяг зэргийг дурдаж, гарын үсэг зурсан байна) Монгол Улсын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн гадаадын иргэн өөрийн төрөлх хэлээр өргөдөл бичиж, өргөдөл болон гадаад хэл дээрх холбогдох бичиг баримтыг албан ёсны орчуулгын газраар монгол хэлээр орчуулуулсан байна.

2. Гэрлэлтийг гэрчлэх гэрчтэй ирсэн байх. Гэрч нь гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхээ авчирсан байна. /Жич: Гэрч нь гадаад улсын иргэн бол холбогдох баримт бичгийн албан ёсны орчуулгыг хавсаргана./

3. Гэрлэлтийн гэрчилгээ авах өргөдлийн маягтыг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөн хавсаргана.

4. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний цахим үнэмлэхний хуулбар

5. Гэрлэхийг хүсэгчдийн гадаад паспортын хуулбар

6. Гэрлэхийг хүсэгчид өмнө нь гэрлэж байгаагүй тухай, эсвэл гэрлэлт цуцалсныг нотолсон хүчин төгөлдөр лавлагааг УБЕГ эсвэл e-mongolia.mn цахим сангаас авсан байна. Монгол Улсын иргэнтэй гэрлэх гадаад улсын иргэний хувьд тухайн улсын холбогдох байгууллагаас энэ талаарх лавлагааг албан ёсны орчуулгын хамт авчрах шаардлагатай.

7. Эрүүл мэндийн тодорхойлолт (ДОХ, сэтгэц, сүрьеэний шинжилгээний бичгийг албан ёсны орчуулгын газраар монгол хэл рүү орчуулуулсан байна)

Жич: Гэрлэлтийн бүртгэлтэй холбоотой видео мэдээллийг дараах холбоосоор хүлээн авна уу. https://burtgel.gov.mn/post/60442