images

ЭНЭ ОНД 6 УЛСТАЙ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХЭЭР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Мэдээ, мэдээлэл

2023-02-07

229

Манай улс агаарын тээврээр энэ онд 1.55 сая, 2024 онд 2 сая хүн тээвэрлэхээр зорьж байна. Энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт “Монгол зочлох жил”-ийн хүрээнд зохион байгуулж буй аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй өнөөдөр хийсэн уулзалт дээр мэдэгдлээ.

Тэрбээр, Монгол Улс дэлхийн 39 улстай агаарын харилцааны хоёр талт хэлэлцээртэй ажиллаж байна. Мөн 15 улсын 47 цэг рүү томилгоотой байсан бол одоо 23 улсын 100 цэгт зорчигч, ачаа тээвэрлэх боломжтой болсныг онцлов.

Өнөөдрийн байдлаар “МИАТ” “Аэро Монголиа”, “Хүннү Эйр”, “Изинис Эйрвэйз”, “Монголиан Эйрвэйз” компаниуд олон улс болон орон нутгийн нислэг үйлдэж буй бөгөөд агаарын тээврийн либералчлалын хүрээнд АНУ-тай шууд нислэг үйлдэх боломжтой болсныг дурдав. Түүнчлэн 2023 оноос Унгар, Англи, Азербайжан, Грек, Испани, Катар зэрэг улстай шууд нислэг үйлдэхээр агаарын тээврийн хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгааг мэдээллээ.

Монгол Улс 13 улсын 47 цэг рүү томилгоотой байсан бол одоо 23 улсын 100 цэгт зорчигч, ачаа тээвэрлэх боломжтой болжээ.

Өнөөдрийн байдлаар Японы 5 хот руу 7 хоногт 60 нислэг, Тайланд руу 7 хоногт 14. нислэг, Турк руу 7 хоногт 34 нислэг, БНСУ-ын 4 хот руу 7 хоногт 70 нислэг, Бээжингийн чиглэлд (7 хоногт 21 удаагийн нислэг хийх боломжтой болсныг өнөөдрийн уулзалтын үеэр ИНЕГ-аас мэдээлэв.

Уулзалтаар олон улсын нислэгийн үнэ тарифыг танилцуулж, энэ талаар оролцогч нар санал солилцов. Мөн нислэгийн томилгооны талаар хэлэлцэж, өмнө нь салбарын сайдаас өгдөг байсан бол одоо агаарын 5 компани хоорондоо тохирсон тохиолдолд нислэгийн томилгоог шууд олгож байхаар болжээ.

Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс аймаг, орон нутгийн нислэгийг идэвхтэй дэмжих шаардлагатай байгааг хэлэлцлээ. Тодруулбал, Ховд, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь зэрэг аймгийн нисэх буудлыг хувийн хэвшилд менежментээр өгөх, агаарын тээврийн үнэ тарифын гол зардал өртөг болдог онгоцны түлш, шатахууны үнийг буулгах тал дээр ажиллаж байгааг салбарын яамнаас мэдээллээ.

Мэдээллийн эх сурвалж: https://said.mn/content/8/126299


тагууд: мэдээ