ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН БООМТООР НАЙМАН ХҮНИЙ СУУДАЛТАЙ ХУВИЙН МАШИНЫГ АТА КАРНЕЙ ГЭРЧИЛГЭЭГЭЭР НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР СУДЛАХААР ТОХИРОЛЦЖЭЭ
МҮХАҮТ-ын дарга Эрээн хотын намын хорооны гишүүн, хотын Засаг даргын орлогч Жан Ин Же-тэй уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Энэ үеэр Замын-Үүд- Эрээн боомтоор найман хүний суудалтай хувийн тээврийн хэрэгслийг АТА Карней гэрчилгээтэй гаалиар нэвтрүүлэх, хоёр талын хилийн хязгаарлалтын бүсэд чөлөөтэй нэвтрүүлэх талаар судлахаар тохиролцсон байна.
АТА Карней нь нэг жилийн дотор бараа, тээврийн хэрэгслийг импортын гаалийн татваргүйгээр түр хугацаагаар оруулах, буцаан гаргах олон улсын гаалийн баримт бөгөөд үндэсний гаалийн мэдүүлгийг орлодог.
АТА Карнейд худалдааны загвар, ажил мэргэжлийн тоног төхөөрөмж, үзэсгэлэн, яармаг болон ижил төстэй хурал цуглаан зэрэг үйл ажиллагаанд зориулагдсан бараа бүтээгдэхүүн хамаардаг.
Харин амархан муудах өргөн хэрэглээний бараа болон засвар хийх шаардлагатай бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж уг гэрчилгээнд хамаардаггүй байна.
Мэдээллийн эх сурвалж: https://ikon.mn/n/2si4