images

“УЛААНБААТАР-ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ” ЭНЭ САРЫН 20-НД БОЛНО

Мэдээ, мэдээлэл

2023-04-17

228

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2023.04.17/ боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 19 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн юм. Тухайлбал, барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, хяналт тавих ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд давхардсан тоогоор 733 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Барилгын ажлын аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай мэдэгдэл хүргүүлжээ. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбай, автобусны буудал, хөшөө, дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх үүрэг өгсөн. Нийслэлийн хэмжээнд 2023 онд нийт найман удаагийн их цэвэрлэгээ зохион байгуулах бөгөөд одоогийн байдлаар гурван удаа хийжээ. Түүнчлэн нийтийн тээврийн 925 автобусанд өдөр тутам гадна, дотор цэвэрлэгээ хийж байгаа аж

Нийслэлийн хэмжээнд 1400 гаруй СӨХ, хүүхдийн тоглоомын 1600 талбай  бүртгэлтэй байдаг. “Хотоо угаая” аяны хүрээнд 257 СӨХ хүүхдийн тоглоомын 288 талбай болон гадна орчинд чийгтэй угаалга цэвэрлэгээ хийжээ. Мөн хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, дахин боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар бууруулах зорилгоор төвийн зургаан дүүргийн хэмжээнд дахивар хог хаягдал авах урамшуулалт өдөрлөгийг зохион байгуулсан аж.

“Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” дөрөвдүгээр сарын 20-нд болно. Форумын бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Форумыг Яармаг дахь шинэ Хангарди ордонд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Олон улсын болон хамтын ажиллагаатай байгууллагууд, түншүүдэд урилга хүргүүлсэн. Олон улсын байгууллагын 120 гаруй төлөөлөл оролцох хүсэлтээ илэрхийлсэн. Гадаадаас 100 гаруй зочин хүрэлцэн ирнэ. Форумын https://ubif.mn/ цахим хуудас ажиллаж эхэлсэн бөгөөд бүртгэл хийж байгаа” хэмээлээ. Форумын хүрээнд 15 гэрээ, хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулахаар төлөвлөжээ.

Төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх асуудлыг нийслэлийн хэмжээнд судалж, санал, дүгнэлт боловсруулж танилцуулах ажлын явцын талаар Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат “Найман дүүргийн хэмжээнд 33 нэр төрлийн ажил, үйлчилгээг дүүргийн өмчит 23, хувийн хэвшлийн есөн байгууллага гүйцэтгэж байна. Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Багануур, Багахангай гэсэн таван дүүрэг 10 нэр төрлийн үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой гэж саналаа ирүүлсэн” хэмээлээ.

Нийтийн эдэлбэр газарт өдрийн худалдаа эрхлэх ажлуудыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга дараах үүрэг, даалгаврыг өглөө. Тодруулбал,

  • Дөрөвдүгээр сарын 20-нд зохион байгуулах “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ын бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох.
  • Нийслэлийн Засаг даргын 2023 оны Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А378 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, Ажлын хэсгийг үнэн, бодитой мэдээ, мэдээллээр хангаж, ил тод, нээлттэй, ажлын уялдаагаа, хангаж, тулгамдсан асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэн ажиллах.
  • Нийслэлийн Засаг даргын 2023 оны Тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/165 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, танилцуулах.
  • Нийтийн эдэлбэр газарт өдрийн худалдаа эрхлэх ажлуудыг эрчимжүүлэх, байршлуудыг тодорхойлох.
  • Нийслэлийн Засаг даргын 2023 оны Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах.
  • Хүүхэд, залуучуудын хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан гэмт хэрэг, зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын нэгдсэн арга хэмжээг улирал бүр зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах зэрэг үүрэг өгчээ.

Мэдээллийн эх сурвалж: https://www.toim.mn/article/5f8d7f3g

 


тагууд: мэдээ