images

ХАВИРГА-АР ХАШААТ БООМТЫГ УУЛ УУРХАЙ, ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЫН ГҮҮР БОЛГОН ӨРГӨЖҮҮЛНЭ

Мэдээ, мэдээлэл

2023-04-23

109

МҮХАҮТ, БНХАУ-ын Манжуур хотын Ардын Засгийн ордон, худалдааны товчоо, Гадаад харилцааны газар, МҮХАҮТ-ын Дорнод аймаг дахь салбар танхим хамтран “Манжуур хотын эдийн засаг хамтын ажиллагааны төсөл танилцуулах уулзалт, үзэсгэлэн худалдаа 2023” арга хэмжээг зохион байгуулжээ.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Манжуур хотын Ардын Засгийн ордны дарга Юүэ Гуо Донг, Манжуур хотын Захиргааны ерөнхий газрын дарга Ван Хуй, Худалдааны товчооны дарга Лю Жи Чэн, Гадаад харилцааны газрын дарга Жан Жи Жиэ, Хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ши Шиэн Вэй болон хоёр орны ААН-ийн төлөөллүүд оролцов.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нээлтийн үеэр хэлсэн үгэндээ бизнесийн шинэ боломжуудыг эрэлхийлж, өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн Манжуур хотын төлөөлөгчдөд талархлаа илэрхийлээд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байна гэж хэллээ.

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Засгийн газрын зүгээс Боомтын сэргэлт, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгааг тэмдэглээд, энэ хавраас Чойбалсан-Хавирга-Ар хашаат чиглэлийн засмал замын ажил эхэлнэ. Цаашид Хавирга-Ар хашаат боомтыг зөвхөн иргэд зорчихоос гадна аялал жуулчлал, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох боомт болгон өргөжүүлнэ гэв.

Арга хэмжээний үеэр Фада групп Монголын бараа бүтээгдэхүүнийг хилийн чөлөөт бүсэд татваргүй нэвтрүүлэх боломж, Порт групп Манжуур хотоос эхлэлтэй Хятадын бусад томоохон хотуудын аяллын хөтөлбөрийг тус тус танилцуулж , Монголын компаниудтай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.

Мөн Манжуур хотын Худалдааны товчоо, МҮХАҮТ-ын Дорнод аймаг дахь салбар танхим “Хятад Монголын зэргэлдээ бүс нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны санамж бичиг”, Манжуур хотын Порт группийн аялал жуулчлалын агентлаг Монголын "Альфа Юнити" ХХК хооронд “Манжуур-Монгол улс хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааны санамж бичиг”, Манжуур хотын Фада групп-Монгол Улсын үйлдвэрлэгчдийн холбоо ”Хятад-Монголын худалдааны бүсийн хамтын ажиллагааны санамж бичиг”, Шинь шинь ХХК, “HHI” ХХК хооронд “Уул уурхайн барилгын материалын хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг тус тус байгуулж, хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа гэв.

Эх сурвалж: Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн төв

Мэдээллийн эх сурвалж: http://www.toim.mn/article/5g5421f4


тагууд: мэдээ