images

БИЧИГТ БООМТЫН ӨРГӨТГӨЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

Мэдээ, мэдээлэл

2023-05-25

468

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг нараар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж, Бичигт боомтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцан хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудтай санал солилцлоо. Мөн Эрдэнэцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхай, тээвэр логистикийн 40 гаруй компани, иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзан санал сэтгэгдлийг нь сонссон юм. Энэ үеэр ирэх оны арванхоёрдугаар сард ашиглалтад орох Бичигт боомтын өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажлыг албан ёсоор эхлүүллээ.

Бүс нутгийн хэмжээнд авч үзвэл Бичигт боомт нь Зүүн Хойд Азийн эдийн засгийн интеграцид нэгдэх замаар бүс нутгийн авто зам, төмөр замын нэгдсэн сүлжээнд холбогдон үйлдвэрлэл, худалдаа, бизнес, аялал жуулчлалыг хөгжүүлэн улс орны нийгэм эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулах боломжтойд тооцогддог. Бичигт боомтоор дамжин өнгөрөх экспортын бараа жилээс жилд өсөн нэмэгдэж, импортын барааны урсгал идэвхжиж боомтын хөгжлийн шинэ төлөвлөлт хийх үндэслэлийг бүрдүүлсэн юм. Тэр ч утгаараа 2023 оны 05 дугаар сард “Тогтвортой худалдааны төлөө хилийн хүчин чадлыг бэхжүүлэх төсөл”-ийг Азийн Хөгжлийн Банктай хамтран Бичигт боомтын барилга, дэд бүтцийн байгууламжийг шинэчлэн сайжруулах ажлыг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулсан билээ.

Өнөөдрийн байдлаар тус боомтод төрийн 6 байгууллагын 56 албан хаагч, хувиараа ажил үйлчилгээ эрхэлдэг байнгын болон түр нийт 2500 орчим иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд өдөрт дунджаар 150-180 тээврийн хэрэгслээр 7500-10000 тонн нүүрс тээвэрлэж байна. Шинээр төлөвлөж буй боомтын эдэлбэр газрын хэмжээ 14 га байх бөгөөд 0.8 га-д зорчигч тээврийн хэсэг, 1.6 га-д ачаа тээврийн хэсэг байхаар төлөвлөж байна. Ингэснээр боомтын нэвтрүүлэх хүчин чадал 4-5 дахин нэмэгдэх юм.

Түүнчлэн Бичигт боомтын Улсын хилийн гарах чиглэлд өмнө нь хоёр урсгалаар нүүрс тээвэрлэлтийн автомашин нэвтрүүлдэг байсныг улсын хилийн орох чиглэлд 2 эгнээ, гарах чиглэлд 3 эгнээ нийт 5 эгнээ зам болгон өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтын бүсийг төхөөрөмжлөх үйл ажиллагаа 50 хувьтай байна.

Боомтын төлөвлөлтийн хязгаарыг тогтоож хилийн боомтын үйл ажиллагааны бодлогыг цогцоор шийдвэрлэснээр Бичигт боомт нь зөвхөн орон нутгийн бус ОХУ, БНХАУ улмаар Евроазийг холбосон автозам, Азийн авто замын сүлжээний “АН-32” чиглэлийн хатуу хучилттай 272 км замыг Сүхбаатар аймгаас Бичигт боомтын чиглэлд холбосноор жилд 15-20 сая тонн эрдэс баялгийн бүтээгдэхүүн экспортлохоор төлөвлөж байна.

Хөөт-Чойбалсан чиглэлийн 192 км төмөр замын төслийг эхлүүлснээр жилд 10-15 сая тонн эрдэс баялгийн бүтээгдэхүүн экспортлох боломжтой болно. Төмөр замын зангилаа зүүн бүсийн төв коридор болохын хувьд энд олон улсын стандарт шаардлагад нийцсэн тээвэр логистикийн төв байгууламж түүнийг дагасан үйлдвэр үйлчилгээ, суурьшил, нийгмийн үйлчилгээ үзүүлэх засаг захиргааны нэгжтэй цогц боомт болох юм.

Монгол Улс ОХУ-тай авто зам болон төмөр замын 16 боомт, БНХАУ-тай 17 боомтоор холбогдож байгаагаас өнөөгийн байдлаар Замын-Үүд, Гашуунсухайт, Алтанбулаг, Боршоо боомтууд дээр боомтыг сайжруулах иж бүрэн өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэж байна. Мөн Булган, Бургастай, Шивээхүрэн, Ханги, Сүмбэр, Баянхошуу, Хавирга, Цагаандэл-Уул, Ульхан, Ханх боомтуудыг өргөтгөн шинэчлэх  зураг төслийн ажил хийгдэж байна.

Мэдээллийн эх сурвалж: https://ikon.mn/n/2vbw


тагууд: мэдээ