images

ХОЁР УЛСЫН БООМТЫГ ХОЛБОХ 7 КМ НАРИЙН ЦАРИГ БУЮУ 1200 ГАРУЙ КМ ТӨМӨР ЗАМЫН ЭХЛЭЛ

Мэдээ, мэдээлэл

2023-05-27

372

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж байгаа.

Хоёр улстай хиллэдэг 39 боомтоос 6 боомт дээр бүтээн байгуулалтын ажил, 11 боомт дээр судалгаа төсөл, зураг төсөл төлөвлөлтийн ажил хийж байгаа тухай өнгөрсөн оны сүүлээр Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээлэл өгч байсан. Тэгвэл энэ хүрээнд Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн нарийн царигийн төмөр зам барьж байгуулах ажлын эрхийг “Нарийнсухайтын төмөр зам” компанид өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас олгосон. Зам тээврийн хөгжлийн сайдын өгсөн мэдээллээр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны тавдугаар сард эхлүүлж, 10 дугаар сар гэхэд ашиглалтад оруулах юм.

Тэгэхээр 7 км энэ төмөр замын ач холбогдол нь юу вэ, чухам яагаад нарийн царигаар барих болов, хэдий хэмжээний өртгөөр баригдаж байна вэ, яагаад хувийн хэвшилд тусгай эрхийг олгов...

Анх 2018 онд Засгийн газраас Шивээхүрэн боомтын хилийн зурваст боомтын зориулалттай төмөр зам барих шийдвэр гарч, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн 51 хувь, хувийн хэвшлийн “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-ийн 49 хувийн эзэмшилтэй “Шивээхүрэн төмөр зам” ХХК байгуулах тогтоол гарсан байдаг. Гэхдээ ковидын буюу цар тахлын жилүүдэд энэ ажил зогсонги байдалд орж, 2023 онд сая хамтарсан компанийг байгуулжээ. Компани байгуулахаас өмнө “Монголын төмөр зам” ТӨХК Шивээхүрэн хилийн боомт дахь төмөр замын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан бол Нарийнсухайтын төмөр зам компанийн захиалгаар инженерийн нарийвчилсан зураг төслийн “Хяталын төмөр замын зураг төслийн корпораци” боловсруулсан байна.

“Нарийнсухайтын бүлэг нүүрсний орд”–оос экспортын нүүрс тээвэрлэх зорилготой гол төмөр замын урт нь 7 км ч салаа төмөр замтайгаа нийлээд нийт 20 орчим км энэхүү төмөр замаар жилд 10 сая тонн ачаа тээвэрлэхээр тооцсон байна.

Нарийн царигийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл болон суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг эзэмших эрхтэй болсон “Нарийнсухайтын төмөр зам” ХХК нь суурь бүтцийг 170 гаруй тэрбум төгрөгөөр, сэлгээний зүтгүүр, чингэлэг өргөгч, бусад тоног төхөөрөмж, багаж худалдан авахад 27.9 тэрбум төгрөг зарцуулна гэжээ. Ингээд төртэй хамтран байгуулсан “Шивээхүрэн төмөр зам” ХХК боомт дахь төмөр замын үйл ажиллагааны орлогоос 6 жилийн хугацаанд хувь нийлүүлэгчид ногдол ашиг тооцолгүй эргүүлэн төлөхөөр гэрээлсэн аж.

Жилд 10 сая тонн ачаагаа тээвэрлэж чадвал жилд дунджаар 90 гаруй тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж, 6 жилийн дараа анхны хөрөнгө оруулалтаа нөхөж, төрд буюу “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид хүлээлгэж өгөх аж.

Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн энэхүү нарийн царигт төмөр зам бол баруун босоо тэнхлэгийн төмөр замын эхлэл нь болох юм. Цаашид Шивээхүрэн-Арц суурь-Нарийнсухайт чиглэлийн 1250 км төмөр замыг барьж байгуулах тендерт Хятадын “Equipment Supply” ХХК шалгараад буй. Энэ төмөр замын ажлын концессын гэрээг зургадугаар сардаа багтаан хийж, гуравдугаар улиралд бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэдгийг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт өгсөн мэдээлэлдээ онцолж байсан.

Өөрөөр хэлбэл эхлээд холболтын буюу хоёр улсын боомтыг холбох төмөр замыг барьж, араас нь 1200 гаруй км төмөр замын ажил эхэлнэ. Шивээхүрэн-Арц суурь-Нарийнсухайт чиглэлийн 20 гаруй сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай төмөр зам дагуу уул уурхайн 10 гаруй орд бий гэх мэдээлэл ч бий.

Мэдээллийн эх сурвалж: https://www.toim.mn/article/62gf6e8a


тагууд: мэдээ