images

БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР, БНХАУ-ЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ АРДЫН ЗАСГИЙН ГАЗРААС ХҮРГЭСЭН ТУСЛАМЖ МАЛЧДЫН ГАРТ ХҮРЛЭЭ

Мэдээ, мэдээлэл

2024-03-25

254

Монгол орны нийт нутгаар хүйтний эрч чангарч, олон давтамжтай, их хэмжээний цас орж, гамшгийн үнэлгээгээр сүүлийн 40 жилийн хугацаанд болоогүй зудын нөхцөл байдал үүсээд байгаа.

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, мал аж ахуйн салбарт бэрхшээл учирч байгаатай холбогдуулан Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН) нь зудын гамшгийн нөхцөл байдлыг даван туулах, хариу арга хэмжээ авахад бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна.

МУЗН тулгарч буй зудын хүндрэл, бэрхшээлийг даван туулахын тулд малчдад туслах хүмүүнлэгийн аяныг улс орон даяар төдийгүй олон улсын түвшинд идэвхтэй зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд дэлхийн олон улс орнууд тусламжийн гараа сунгаад байгаа.

БНХАУ-ын Засгийн газар сайн хөршийн хувиар эв санааны нэгдлээ илэрхийлж, 200 мянган ам.доллар, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ардын Засгийн газар 170 гаруй мянган ам.долларын эд материалын тусламжийг Монгол Улсын Засгийн газарт үзүүлэхээр болсон.

Уг тусламжийн эхний ээлж болох 500 өрхөд малын эрдэс тэжээлийн багц, хүнсний багц, дулаан хувцас хэрэгсэл, бэлэн мөнгөний тусламжийг Гадаад харилцааны сайд, МУЗН-ийн ерөнхийлөгч Б.Батцэцэг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюан, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар өнөөдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутгийн захиргааны удирдлагууд болон тус сумын малчдад хүлээлгэн өглөө.