“НАРАНСЭВСТЭЙ” БООМТЫГ СЭРГЭЭСНЭЭР БАРУУН БҮСИЙН АЙМГУУДЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ НЭЭГДЭНЭ
Хятадын талын хилийн өргөст тор, цаад талд давхар барьсан төмөр хашаа тасралтгүйгээр хэдэн зуун км үргэлжилнэ. Мөн хилийн багана хардаг камеруудтай цамхаг болгон хаалгатай байв. “Сарны хөндий” нэртэй амьтан байтугай, ургамал ч ургадаггүй, элсэрхэг чулуу бүхий цөл нутаг хэдэн зуун км тасралтгүй үргэлжлэх аж. Хаврын урь унасан өдрүүдийг ч хэлэх үү хүйтэн салхи үлээнэ. Хилийн зурвас дагасан төмөр тороос өөр нүдэнд торох зүйлгүй тал нутаг жирэлзэн өнгөрөх аж. Хилийн торын дагуу бууж сонирхоход хилийн зурвасаас нэг км бүхий зайд буюу өргөст торны цаад хятадын нутагт уурхайн орд харагдаж байлаа. Энэ бол Говь-Алтай аймгийн Алтай сумаас 400 км, Өргөстэй боомтоос 300 км гаруй үргэлжилж Нарансэвстэй боомтод хүрэх замын дүр зураг. Гэвч Нарансэвстэй боомтын эргэн тойрон дахь байгалийг зэрлэг ан амьтан нүүдэллэдэг, сайхан байгальтай учраас энэ боомтыг сэргээж нээх нь Үндэсний аюулгүй байдалд хортой, ан амьтдад сөрөг нөлөөтэй гэж хүмүүс ярьдаг аж.
“Бүгд Найрамдах Дундад ард” улс гэсэн хаяг бүхий хэдэн давхар өндөр том цогцолбор угтлаа. Төмөр хашлаганы цаана мөн л толь мэт засмал зам алсад зурайж харагдана. Гэвч Монголын талын хилийн боомтын барилга цонх нь хагарсан хэдэн байшин торойж, замын хоёр талд тэс ондоо дүр зураг угтав. Өөдлөх айл үүднээсээ гэдэг дээ гэсэн бодол дотор зурж, харамсах сэтгэл төрж байлаа. Говь-Алтай аймгийн төдийгүй баруун бүсийн аймгуудын хөгжлийн хийгээд эдийн засгийн түүчээний нэг гарц нь уг Нарансэвстэй боомт аж. Уг боомтын хятадын талын хилийн барилга 1992 онд хил нээгдэхэд барьсан бөгөөд одоог хүртэл шинэхэн мэт хэдэн он жилийг элээжээ. Мөн Казахстан, Киргизстаныг дамжиж байгаа G-7 зам нь хятадын хаалганы цаана харагдах аж. Хятад сүүлийн хоёр жилийн хугацаанд уг засмал замыг барьж ашиглалтад оруулсан байна.
1993 онд Нарансэвстэй боомт хаагдсан бөгөөд түүнээс хойш уг боомтын талаар идэвхтэй санаачилга гаргаж ажиллаагүй байна. Харин 2014 онд тус аймгаас холбогдох удирдлагууд хятадын Ганьсу мужид айлчилж, мөн тэдний удирдлагууд ирж Нарансэвстэй боомтын асуудлаар ярилцсан байна. Ингэхдээ “Монголын зүгээс Нарансэвстэй боомтоо дахин сэргээн нээх асуудлыг шийдвэл, хятадын талаас таван жилийн хугацаанд Алтай хотоос боомт хүртэл засмал зам тавьж өгье. Мөн Нарансэвстэй боомт дээр баригдах барилгын асуудлыг шийдэх боломжтой. Үүний санхүүжилтийг торгоны зам төслөөс гаргана” гэжээ. Гэвч Монголын талаас дээр нааштай хариу өгөлгүй өдий хүрчээ. Нарансэвстэй боомтыг дахин сэргээснээр Монгол Улсын баруун бүсийн аймгуудын хөгжлийн гарц нээгдэнэ гэдгийг холбогдох албаныхан онцолж байлаа. Учир нь өнөөгийн ОХУ болон Украины мөргөлдөөнтэй холбоотойгоор европоос ирэх ачаа ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжих боломжгүй нөхцөл байдал үүссэн. Гэтэл Нарансэвстэйн боомтоос цааш 60 км-ийн зайд Ази Европыг холбосон Торгоны замын гол зам оршиж байна. Уг торгоны зам нь 2000 гаруй жилийн түүхтэй бөгөөд уг зам нь Казахстан, Киргизстан, Иран зэрэг улсыг дамжин европ хүрдэг аж. Тиймээс Монголчууд торгоны замаар дамжиж Европт хүрэх, дундад азид хүрэх уг замаар түүчээлэн хөгжих. Цаашлаад бараа бүтээгдэхүүнээ хямд авах, экспортод гаргах давуу талтай аж.
Говь-Алтай амгийн Засаг дарга О.Амгаланбаатар болон Говийн их дархан цаазат газар А хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Ч. Баярбатааас зарим зүйлийг тодрууллаа.