Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн VI хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хөххотноо болов.
Ээлжит хуралдааныг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, хятадын талаас ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын дэд тэргүүлэгч Ян Жинь нар даргалж, хоёр талын хилийн боомт, гааль, байгаль орчин, боловсрол болон бусад холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцов.
Байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн ээлжит хуралдаан Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн баярын өдөр зохион байгуулагдсан бөгөөд цар тахлын нөхцөл байдлын улмаас 6 жилийн дараа биечлэн уулзаж буй нь онцлог байв.
Хуралдаанаар талууд Монгол, Хятадын хилийн боомт, зам тээвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүч, хөрөнгө оруулалт, байгаль орчин, аялал жуулчлал, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, хэлэлцсэн асуудлуудаар протокол байгуулав.
Талууд цаашид цаг үетэйгээ нийцүүлэн шинэ хандлага, шинэ хэлбэрээр ажиллаж, илүү прагматик хамтын ажиллагааг хөгжүүлж, бодит үр дүнд хүргэхээр тохиролцов. Түүнчлэн энэхүү хамтын ажиллагааны механизмыг хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог хэрэгжүүлэх, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт гүнзгийрүүлэх индэр байлгахаар санал нэгдэв.
Монгол Улсын ГХЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан 2011 онд Хөххотод, хоёрдугаар хуралдаан 2013 онд Улаанбаатар хотноо, гуравдугаар хуралдаан 2016 онд ӨМӨЗО-ны Хөххотод, дөрөвдүгээр хуралдаан 2018 онд Улаанбаатар хотноо, тавдугаар хуралдаан 2022 онд протокол солилцох хэлбэрээр тус тус зохион байгуулагдаж байсан болно.