images

ДОЛООН САЯ ТОНН НҮҮРСНИЙ ТЭЭВЭР ГАЦААНААС ГАРЛАА

Мэдээ, мэдээлэл

2022-05-28

166

Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан баг боомтуудад ажиллаж байна. “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд боомтын сэргэлтийг шинэ түвшинд гаргахыг Засгийн газраас зорьж буй. Энэ дагуу Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн дөрөвдүгээр сард боомтуудад ажилласан байдаг.

Цар тахлын улмаас Монгол Улсын нүүрсний экспортын хоёр дахь том гарц болох Шивээхүрэнгийн боомт 2021 оны аравдугаар сараас хойш ажиллаагүй юм. Үүний улмаас долоон сая орчим тонн нүүрс тус боомтод гацаад байсан юм. Тиймээс эл боомтын үйл ажиллагааг нээж, нүүрсний экспортыг эхлүүлэхээр дээрх ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй албаныхан БНХАУ-ын талтай хэд хэдэн удаагийн цахим хурал зохион байгуулж, хэлцэлд хүрч эхэлсэн талаар мэдээлж байв. Тэгвэл дээрх ажлуудын үр дүнд нүүрсний экспортыг эхлүүлэх бэлтгэл ажлыг бүрэн ханган Шивээхүрэнгийн боомтоор нүүрс тээвэрлэж эхэллээ.

Өнөөдөр тус боомтоор 220 чингэлэг нүүрс гаргажээ. Цаашид тус боомтоор өдөрт 400-500 чингэлэг нүүрс тээвэрлэх, мөн задгай тээвэр хийх талаар БНХАУ-ын талтай хэлэлцээ хийж байгаа аж. Түүнчлэн Шивээхүрэн боомтод ачаа тээврийн шинэ терминал нээж, хүчин чадлыг 2-3 дахин нэмэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.

Цаашид дээрх ажлын хэсгээс боомтуудын үйл ажиллагааг үе шаттай нээх, шинэ технологи нэвтрүүлэх хэлцлүүдийг хийх бөгөөд ойрын хугацаанд дахин хоёр боомтыг нээхээр төлөвлөжээ.

Мэдээллийн эх сурвалж: https://tovch.mn/n/1a1h


тагууд: мэдээ