images

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙД Н.ЭНХБОЛД ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРОНД АЙЛЧЛАВ.

Мэдээ, мэдээлэл

2025-12-20

134

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Н.Энхболд ӨМӨЗО-ы Намын хорооны дарга Ван Вэйжунтэй албан ёсны уулзалт хийв. Уулзалтаар хоёр талын стратегийн түншлэлийг бэхжүүлэх бодит саналуудыг хэлэлцэж, хил дамнасан төмөр замын боомтуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, “Замын-Үүд-Эрээн”-ий эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд хөрөнгө оруулалт татах арга хэмжээг хамтран зохион байгуулах, 2026 онд Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын 17 дугаар Бага хурлын хүрээнд бодит арга хэмжээний төсөл, хөтөлбөртэй оролцохыг санал болгож, өнгөрсөн хугацаанд монголын талын хүсэлтийг хүлээн авч ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторын түвшинд оюутан суралцуулж эхэлсэнд талархал илэрхийлж, соёлын солилцоог цаашид улам идэвхжүүлэх, Монгол Улсын уран бүтээлчдийн тоглолтыг Өөртөө засах оронд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо. 

Мөн Элчин сайд Н.Энхболд албан айлчлалын хүрээнд Хөххотын Гаалийн газрын дарга Жан Яньтай уулзаж, хоёр талын гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, хөдөө аж ахуй, уул уурхайн болон хүнсний бүтээгдэхүүнийг хилээр саадгүй, түргэн шуурхай нэвтрүүлэх талаар санал солилцов. Хятадын тал дээрх болон бусад асуудлаар хоёр улсын гэрээ, хэлэлцээ, эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгож, монголын талтай харилцан ойлголцож, нягт хамтран, шуурхай ажиллах байр сууриа дахин илэрхийлэв.

Энэ удаагийн айлчлал, уулзалт, арга хэмжээ нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр талын бүтээн байгуулалт, найрсаг харилцааг идэвхжүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлэх үр дүнтэй айлчлал болов. Энэхүү уулзалт, арга хэмжээнд Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консул Ш.Оргил, Эрээн хотод суугаа Консул З.Лхагвадорж, Манжуур хотод суугаа Консул Г.Золзаяа болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд оролцов.

 


тагууд: мэдээ