МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ.
Монгол, Хятад, Орос гурван улсын Гадаад харилцааны дэд сайд нарын түвшний VII удаагийн зөвлөлдөх уулзалтыг энэ оны 7 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, хятадын талаас Гадаад хэргийн туслах сайд Лю Бинь, оросын талаас Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденко нар тэргүүлэн оролцов.
Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Монгол, Хятад, Оросын уламжлалт найрсаг харилцаа, гурван талт хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал солилцож, гурван улсын төр, засгийн газрын тэргүүн нарын уулзалтын бэлтгэл ажил, өндөр түвшинд хүрсэн зарчмын тохиролцоонуудын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийв. Мөн Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон төмөр зам, авто зам, транзит тээвэр, логистик, эрчим хүчний дэд бүтцийн төслүүд, бүс нутгийн хамтын ажиллагаа, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, НҮБ болон олон улсын байгууллагууд дахь хамтын ажиллагаа, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд өрнөж буй үйл явц зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Түүнчлэн VII удаагийн зөвлөлдөх уулзалтын үеэр талууд ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төсөл болон эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжүүлэх бусад тэргүүлэх төслүүдийн явцын талаар ярилцав.
Талууд уулзалтыг ажил хэрэгч, үр дүнтэй боллоо хэмээн дүгнэж, гурван талт хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн коридорын хүрээн дэх төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг урагшлуулах, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр санал нэгдэв.