ИНФОГРАФИК: МОНГОЛЧУУДЫН БҮТЭЭСЭН “ЗҮҮНБАЯН-ХАНГИ“ ЧИГЛЭЛИЙН 229,6 КМ ТӨМӨР ЗАМ БЭЛЭН БОЛЖЭЭ
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төслийн нэг бол "Зүүнбаян-Ханги" чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт юм. Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр зам ашиглалтад орсноор 1300 гаруй ажлын байр шинээр бий болохоос гадна эдийн засгийн хувьд өндөр үр өгөөжтэй юм. Тэгвэл "Зүүнбаян-Ханги" чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын талаарх инфографикийг хүргэе.
- ХАНГИ-МАНДАЛЫН ТӨМӨР ЗАМ -
"Зүүнбаян-Ханги” чиглэлийн гол зам нь нийт 229,6 километрийн урттай. Монголын хилээс найман километрийн зайд орших БНХАУ-ын Мандал боомттой холбогдоно. 1520 мм царигтай, 25 тн голын даацтай, 287 километр дэлгэмэл урттай, буталмал чулуун чигжээстэй, төмөр бетон дэртэй, 3-р зэрэглэлийн дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын системтэй зам болжээ.
Ийнхүү “Зүүнбаян-Ханги” чиглэлийн шинэ төмөр замаар Монгол улсаас БНХАУ-д нүүрс экспортлох ажлыг эхлүүлэх нөхцөл бүрдсэн аж.
Монгол Улсад анх удаа гурван чиглэлийн төмөр замын уулзварыг бий болгосон ба энэ нь одоо ашиглагдаж байгаа УБТЗ ХНН-ээс болон Тавантолгойн бүлэг орд газраас уул уурхайн болон бусад ачаа барааг шаардлагатай чиглэлд саадгүй тээвэрлэх, ачаа тээврийн зөв зохион байгуулалт хийх боломжийг олгох юм.
- ЭХЛЭЛ ба ТӨГСГӨЛ -
Засгийн газрын 2022 оны 28-р тогтоол зэрэг эрх зүйн баримт бичгийн хүрээнд Ханги-Мандалын боомтыг барьж байгуулах шийдвэрийг Засгийн газрын 2022 оны 104-р тогтоолоор шийдэж, бүтээн байгуулалтыг энэ оны гуравдугаар сард шуурхай эхлүүлсэн бөгөөд найман сарын турш тасралтгүй үргэлжилж энэ арваннэгдүгээр сарын 25-ны өдөр ашиглалтад ороход бэлэн болсон байна.
Тиймээс экспортын тээврийг явуулахаар нийт 8 гол замын шинэ зүтгүүр, 3000 ачааны вагон захиалсан бөгөөд одоогийн байдлаар эхний ээлжийн задгай болон контейнер ачих зориулалттай 300 вагон орж ирэн бүтээн байгуулалтын ачаанд ашиглагдаж байгаа юм.
- НИЙТ ӨРТӨГ 400 САЯ АМ.ДОЛЛАР -
Төслийн нийт санхүүжилт 400 орчим сая доллар. Уг замыг барихад Засгийн газраас нэг ч төгрөг гаргахгүй бөгөөд “Монголиан транс лайн”, “Монголиан трасс ложистик” компанийн нэгдэл төмөр замыг өөрийн хөрөнгөөр барьж 20 жил ашиглаад төрд буцааж өгөхөөр концессоор гэрээлсэн юм.
- ШИНЭ ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРСНООР -
Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн шийдвэр хурдан хэрэгжих нэг гол нөхцөл бүрдэх,
Төвийн болон Өмнийн говийн уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээ нэмэгдэх төмөр замын тээврийн боломж үүсэх,
“Таван толгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын ашиглалтыг нэмэгдүүлэх
Дотоодын аж ахуйн нэгжүүдийг ажлын байр, бүтээн байгуулалтын ажлаар хангах,
Монголын экспортын түүхий эд, бараа бүтээгдэхүүний олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэж улмаар Монгол улсын эдийн засагт дорвитой хувь оруулах ач холбогдолтой юм.
Түүнээс гадна Дархан-Сэлэнгийн нутагт олборлосон төмрийн хүдрийг Замын-Үүдээр тээвэрлэж тойруу замаар Хөх хотоор дамжин Бугатад хүргэдэг байсан бол эл зам ашиглалтад орсноор 240 орчим км замыг товчилж Бугатад бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой болжээ.
- ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЭЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ОНЦЛОГ -
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монголчууд нэг зуны дотор 200 гаруй км төмөр замыг барьж чаддаг гэдэг мессежийг олон улсын түвшинд өгнө. Бүх төмөр замаа өөрсдөө барих боломжтой гэдгийг харуулж Монголд бизнес хийх, хөрөнгө оруулалт хийх нь ашигтай гэдгийг ойлгуулах болно" хэмээж байсан нь биелэлээ олжээ.
Мэдээллийн эх сурвалж: https://ubn.mn/p/34275