images

ХЯТАДТАЙ ХИЙСЭН ХУДАЛДАА $11 ТЭРБУМ БУЮУ ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ

Мэдээ, мэдээлэл

2022-11-17

17

БНХАУ-тай 10 тэрбум ам.долларын худалдаа хийх ЗОРИЛТ ковидын үед хэрэгжиж, 2021 онд 10.2 тэрбум ам.долларын худалдаа хийж байсан билээ. Цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхээс өмнө буюу 2019 онд Монгол Улс БНХАУ-тай 8.9 тэрбум ам.долларын худалдаа хийж байсан юм. Түүнчлэн Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх хоёр улсын хамтын зорилтын талаар албаныхан ковидын өмнө удаа дараа  байр сууриа илэрхийлж байсныг сануулъя.

Тэгвэл Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, манай улс 2022 оны эхнээс аравдугаар сарыг дуусталх хугацаанд  БНХАУ-тай  11 тэрбум ам.долларын худалдаа  хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64.1 хувийг эзэлж байна.

БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 55.3 хувийг чулуун нүүрс, 27.6 хувийг зэсийн баяжмал эзэлжээ.

Зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ 2022 оны аравдугаар сард өмнөх сараас тонн тутамд 4.3 ам.доллароор, боловсруулаагүй газрын тос хилийн дундаж үнэ тонн тутамд 2.6 ам.доллароор тус тус өсжээ.

ЭКСПОРТ, гол түнш улсаар, жил бүрийн эхний 10 сарын байдлаар

Харин нүүрсний экспортын биет хэмжээ 2022 оны аравдугаар сард 4.1 сая тонн болж, өмнөх сараас 69.3 мянган тонноор, үнийн дүн 608.3 сая ам.доллар болж, 15.1 сая ам.доллароор тус тус буурчээ.

Импортын дүнд 2022 оны эхний арван  сарын байдлаар БНХАУ 35%, ОХУ 30.3%, Япон 8.1%, БНСУ 5%, АНУ 3%, ХБНГУ 2.1 хувийг тус тус эзэлж, нийт импортын 83.4 хувийг бүрдүүлжээ.

ИМПОРТ, гол түнш улсаар, жил бүрийн эхний 10 сарын байдлаар

 

Тодотгоход, Монгол Улс энэ оны эхнээс аравдугаар сарыг дуусталх хугацаанд 157 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 17.2 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 10 тэрбум ам.доллар, импорт 7.1 тэрбум ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 4 тэрбум ам.доллароор буюу 30.3%,  экспорт 2.5 тэрбум ам.доллароор буюу 33%,  импорт 1.5 тэрбум ам.доллароор буюу 26.6% тус тус өсжээ.

Харин 2022 оны аравдугаар сард экспорт өмнөх сараас 74.4 сая ам.доллароор буюу 6.4%  буурсан бол импорт 32.4 сая ам.доллароор буюу 4.3%  өсжээ.

Гадаад худалдааны тэнцэл 2022 оны эхний арван  сард 2.9 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 1.0 тэрбум ам.доллароор буюу 52.4%  өсжээ. Харин аравдугаар сард 300.0 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сараас 106.8 сая ам.доллароор буюу 26.3% буурсан гэж статистикчид тайлбарлаж байна.

Мэдээллийн эх сурвалж: https://news.zindaa.mn/4est