ШИНЭ СЭРГЭЛТ: ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД
ШИНЭ СЭРГЭЛТИйН ЭХЛЭЛ
Бурхан зурчихсан нь ч юу юм, гэхдээ бид түүхийнхээ ихэнх үед далайд гарцгүй байсаар иржээ. Хамгийн сүүлд зурагдсан хилийн шугамаар ердөө хоёрхон хөрштэйгөөр, хуурай газрын хилээр хүрээлэгдсэн Монгол Улсын эдийн засгийн сул талуудын дийлэнх далайд гарцгүй энэ шалтгаанаас улбаалдаг. НҮБ-ын тунхаглалд нэгдсэн гишүүн орны хувьд ямар ч лидер хийгээд улс төрийн хүчин гарч ирсэн ч газар зүйн энэ байрлалын өмнө хүчин мөхөстөнө. Гагцхүү энэ бэрхшээлийг боломж болгон харж чаддаг, хэрэгжүүлж чаддаг л байх ёстой. Нэгэнт л далайд гарцгүйгээр хилийн шугам зурагдсан бидний хувьд нэгэн том боломж байгаа нь дэлхийн тэргүүлэх эдийн засгийн нэг БНХАУ-тай хил залгаа.
Харамсалтай нь, баялаг ихтэй ч, хэтэрхий сул дэд бүтцээсээ болоод Монгол Улс энэ жилүүдэд БНХАУ-ын нүүрсний зах зээлд “гол тоглогч” байж чадахгүй байна. Хэдийгээр уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалаад дэлхий нийтээр нүүрсний хэрэглээгээ багасгах зорилт тавьж байгаа ч бидний аз болоход аж үйлдвэржсэн Хятад орон ойрын жилүүдэд тийм ч амар нүүрснээс татгалзахгүй. БНХАУ-ын ДНБ-ий 40 гаруй хувийг, ажиллах хүчний 30 гаруй хувийг аж үйлдвэрийн салбар бүрдүүлдэг гэхээр урд хөршийн эдийн засагт нүүрсний хэрэгцээ ямар их буйг харуулдаг. Нөгөө талаар энэ нь нүүрсний. баялаг нөөцтэй Монголын хувьд боломж. Австрали, ОХУ, Индонези, Монгол гэсэн дөрвөн улс БНХАУ-ын коксжих нүүрсний ханган нийлүүлэгчид хэдий ч нөгөө л хэтэрхий сул дэд бүтцээсээ болоод манай улс "гол тоглогч” байх боломжоо хаадаг.
Энэ том зах зээл дээр тоглох боломжоо бид нүүрсээ автомашинаар зөөдгөөсөө болоод алддаг гэсэн үг. Харин гуравхан сарын өмнө Засгийн газар "Шинэ сэргэлт” бодлогын хүрээнд Гашуунсухайтын төмөр замыг нээсэн. Монголдоо анхны 1 зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын 233.6 км төмөр замын цогцолбор төсөл бүрэн ашиглалтад орсноор нүүрсний тээврийн өртгийг гэхэд л 3.8 дахин хямдруулж байгаа юм. Энэ замаар жилдээ 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой бөгөөд энэ нь Монгол Улсын эдийн засгийг шууд хоёр дахин өсгөх үзүүлэлт. Гашуунсухайтын төмөр зам бол Шинэ сэргэлт рүү хөтөлж, том зах зээл рүү дөтөлсөн жин байлаа.
ШИНЭ СЭРГЭЛТИЙН ҮРГЭЛЖЛЭЛ
“Төмөр замтай болчихвол хятадууд танк оруулж ирээд Монголыг эзэлчихнэ” гэсэн гэнэн тайлбараар арав гаруй жил боломжоо хаалгасан монголчууд эдийн засгаа тэлье гэвэл дэд бүтцээ сайжруулж, экспортын бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг хэдийнэ ойлгожээ. Гашуунсухайтын төмөр замыг гацаалгүйгээр 2013 онд ашиглалтад оруулсан байсансан бол Монголын эдийн засагт 80 их наяд төгрөгийн борлуулалтын орлого нэмэгдэх байсан гэдгийг замын нээлтэн дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлж байсан. Гэхдээ түүхэнд “Хэрвэээ” гэдэг ойлголт байдаггүйн адилаар энэ алдагдсан боломжийг нөхөх боломж байхгүй. Харин энэ цаг үеэс ”Эхлүүлэх” боломж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар тэгж чадсан.
80 их наяд төгрөгийн өртгөөр "Төмөр зам ямар чухал вэ" гэдгийг ойлгосон бид энэ онд хоёр ч шинэ төмөр замаа хүлээн авахад бэлэн болжээ. Эхнийх нь Гашуунсухайтын 233.6 км хүнд даацын төмөр зам байсан бол хоёр дахь нь Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр зам байх нь. БНХАУ-ын Мандал боомттой холбогдох энэ төмөр замыг барихаар Засгийн газар энэ оны 104 дүгээр тогтоолоороо шийдсэнээр 2022 оны гуравдугаар сард газар шорооны ажлыг шуурхай эхлүүлж байсан Хангийн төмөр зам өдгөө нээлтээ хийх өдрөө л хүлээж байна. 25 сая тонн хүртэл ачааг жилдээ нэвтрүүлэх хүчин чадалтай Зүүнбаян-Хангийн төмөр зам ашиглалтад орсноор экспортын ачаа 30 хүртэл хувиар нэмэгдэх боломж бүрдэж байгаа. Газар шорооны ажил эхэлснээс хойшхи энэ есөн сарын хугацаанд "Монголиан транс лайн”, "Монголиан транс ложистик” компанийн нэгдэл бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэсэн бөгөөд боломжийг нь нээгээд өгвөл хувийн хэвшлийнхэн бүтээн байгуулалтыг богино хугацаанд, чанартайгаар гүйцэтгэдэг гэдгээ харуулж чадаж байна.
Зүүнбаян-Ханги чиглэлийн энэ төмөр зам БНХАУ-ын Бугат-Мандалын төмөр замтай холбогдоно. Бугат-Мандалын төмөр замаа манай урд хөршийнхөн өнгөрсөн оны наймдугаар сард нээсэн бөгөөд Хятад талын хилийн өртөө нь Монголын хилээс наймхан км-ын цаана байдаг. Бугат бол БНХАУ-ын гангийн томоохон үйлдвэр байдаг, аж үйлдвэрийн бас нэг төв болж байгаа хот. Гангийн үйлдвэрийн хамгийн гол хэрэглээ нь сайн чанарын коксжих нүүрс. Бидний нүүрсээ борлуулах хүсэл, тэдний гангийн үйлдвэрийн хэрэглээтэй яв цав тохирч байна гэсэн үг. Ийм эдийн засгийн таатай нөхцөл рүү Монгол Улс төмөр замын гарцтай болж байгаагийн үр өгөөж их байх биз ээ. Монгол Улс урд хилдээ хоёр дахь шинэ төмөр замын гарц буюу Зүүн баян-Ханги чиглэлийн төмөр замыг маргааш нээнэ.
Мэдээллийн эх сурвалж: https://www.24tsag.mn/a/209880