images

Д.БАЯРХҮҮ: БНХАУ-Д ХИЙЖ БУЙ АЙЛЧЛАЛ НЬ УЛС ТӨРИЙН ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛТОЙГ ХОЁР ТАЛ ОНЦОЛЖ БАЙГАА

Мэдээ, мэдээлэл

2022-11-28

158

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д 2022 оны арваннэгдүгээр сарын 27, 28-нд төрийн айлчлал хийж байна.

Уг айлчлалын ач холбогдол, хүлээгдэж буй үр дүнгийн талаар судлаач-профессор Д.Баярхүүгээс тодрууллаа.

Судлаач-профессор Д.Баярхүү “Сүүлийн хоёр сар хагасын дотор хоёр улсын тэргүүн нар хоёр дахь удаагаа уулзаж байна.

КОВИД-19 цар тахал гарснаас хоёр жилийн дараа, Хятадын Коммунист намын 20 дугаар их хурлын дараа энэ айлчлал болж байгаагаараа онцлог.

Улс төрийн товчооны Байнгын хороо, Намын Төв хорооны бүрэлдэхүүн солигдсон байгаа. Иймд шинэ бүрэлдэхүүнтэй уулзаж байгаагаараа их онцлог юм.

КОВИД-19-ийн хоёр жил болон дэлхий дахиныг хамарсан геополитикийн өөрчлөлтүүдээс болж дэлхийн эдийн засаг таагүй байна. Аль ч улс орны гадаад харилцаа зогсонги байна. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа зогсонги байна. Энэ зогсонги байдлыг арилгахад уг айлчлал өндөр ач холбогдолтой гэж үзэж байна.

Айлчлалын үеэр чухал 16 баримт бичигт гарын үсэг зурна” гэлээ.

"Нүүрсний экспортыг хоёр дахин өсгөх боломжийг хэлэлцээний үеэр ярихаар төлөвлөсөн"

Мөн тэрбээр “Энэ айлчлалыг Монгол, Хятадын хоорондын харилцаанд улс төрийн өндөр ач холбогдолтой хэмээн хоёр тал хоёул онцлон тэмдэглэж байгаа. Улс төрийн өндөр ач холбогдолтой гэдэг нь цаашид хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд бүх салбарт эерэг нөлөө үзүүлнэ.

Монголын хувьд гадаад худалдааны гол түнш маань Хятад улс. Худалдааны эргэлтийг саяхан 10 тэрбум ам.долларт хүргэнэ гэж зорьж байсан бол өнгөрсөн онд 10.1 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Ойрын хугацаанд энэ худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэнэ гэж. Монгол Улсын хувьд экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нь нүүрс. Хятад улс хүлэмжийн хийг багасгах үүрэг хүлээсэн, нүүрсний цахилгаан станцуудаас татгалзаж байгаа ч гэсэн Монголоос нүүрс худалдаж авах талаар ахиц гарна гэж бодож байна.

Нүүрсний экспортын тухайд манай улс 13 сая тонныг их том үзүүлэлт гэж хардаг байсан бол экспортыг 20 сая тоннд хүргээд, цаашдаа хоёр дахин өсгөх боломжийг хэлэлцээний үеэр ярихаар төлөвлөсөн. Хятадын талаас тавьж буй хүсэлт нь Монгол-Хятадын харилцааг Хятад хөрш, түнш улсуудтайгаа тогтоосон харилцааны үлгэр жишээ харилцаа гэж үздэг. Түүнийгээ нотлон харуулах нь энэ айлчлалын зорилго гэж үзэж байгаа” гэлээ.

Мэдээллийн эх сурвалж: https://ikon.mn/n/2qce


тагууд: мэдээ