Х.НЯМБААТАР: ХОЁР ТАЛЫН БЭЛТГЭЛ ХАНГАГДВАЛ, НЭГДҮГЭЭР САРД ЭРЭЭН-ЗАМЫН-ҮҮД БООМТЫГ НЭЭНЭ
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Боомтын сэргэлтийн үндэсний хороог ахлан ажиллаж буй. Тэрбээр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Х.Нямбаатар: Өнөөдөр "Боомтын сэргэлтийн үндэсний зөвлөл" БНХАУ-ын ӨМӨЗО-ны боомтын асуудал хариуцсан даргатай цахимаар уулзлаа. Цахим уулзалтын үеэр хоёр орны боомтын чиглэлээр баримталж байгаа бодлого, хамтын ажиллагааг цааш нь өргөжүүлэх зэрэг олон асуудлаар санал солилцсон.
Тухайлбал, төмөр замын хил холболт, бүтээн байгуулалтын асуудлаар хоёр талаас төлөвлөгөө гаргаж ажиллах талаар. Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг цаашид үргэлжлүүлэн дуусгах тал дээр хоёр талын байр суурийг илэрхийлсэн. Тодруулан хэлбэл, 2023 оны нэгдүгээр сард багтаан бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлж, гүйцэтгэхээр санал солилцлоо.
Мөн ӨМӨЗО-ны боомтын захиргааны зүгээс 5G технологийг ашиглаж бараа солилцоог нэмэгдүүлэх саналыг тавилаа. Түүнчлэн Өлзий, Цагаан дэл уулын боомтын асуудлаар тус улсаас санал мөн тавьсан. Хоёр улсын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрт чармайлт гаргаж ажиллана. Бид тавьж буй бүх санал хүсэлтийг хүлээн авч, цаашид хамтран ажиллах саналуудаа илэрхийллээ.
Аюултай ачаа тэсэрч дэлбэрэх бодис нэвтрүүлдэг боомт зөвхөн Замын-Үүд-Эрээний боомт. Цаашид ӨМӨЗО-ны зүгээс зорчигч ихээр нэвтэрдэг боомтуудаар аюултай ачаа тэсэрч дэлбэрэх бодис нэвтрүүлэх нь зохимжтой биш. Тийм учраас аюултай ачаа нэвтрүүлдэг боомтыг нэмэгдүүлэх МУ-ын Засгийн газраас тавьсан саналын дагуу Ханги-Мандалын боомтыг энэ төрлийн ачаа тээвэрлэдэг боомт болгохоор судалж байгаа. Удахгүй харилцан стандарт солилцоод, 2023 онд энэ чиглэлийн ажлыг үргэлжлүүлж хийх боломжтой гэж илэрхийлсэн.
2023.01.08-наас эхлээд, зорчигчийн болон авто замын боомтуудыг шат дараатай нээх БНХАУ-ын онцгой комиссын шийдвэр гарсан байна. Гэхдээ хоёр талын бэлтгэл ажил хангагдсан байдлаас шалтгаалж, эхний ээлжид Эрээн-Замын-Үүд боомтыг нээхээр болж байна. Бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй тохиолдолд энэ хугацаа хойшилно. Үүний дараа Шивээхүрэн, Сэхээ, Ханги-Мандал, Бичигт гэх мэт дарааллаар боомтыг нээх чиглэлээр бэлтгэл ажлыг хийж байгаа талаар ӨМӨЗО-ны төлөөлөл илэрхийллээ. Мөн агаарын тээврийн боомтуудыг дурдсан хугацаанаас эхэлж нээхээр төлөвлөж байгаа гэх мэдээллийг БНХАУ-ын талаас өглөө.
Мэдээллийн эх сурвалж: https://eguur.mn/391465/