images

БНХАУ-ЫН ГАНЦМОД БООМТ ХИЛЭЭР НЭВТРЭХЭД PCR ШИНЖИЛГЭЭ АВАХАА ЗОГСООЛОО

Мэдээ, мэдээлэл

2022-12-30

215

БНХАУ-ын Ганцмод боомтын удирдлагууд 12 дугаар сарын 30 буюу өнөөдрөөс эхлэн хилээр нэвтрэхэд PCR шинжилгээ авахаа албан ёсоор зогсоож байгааг Боомтын сэргэлтийн үндэсний хороо мэдээллээ. Монгол улсын экспортын гол гарц Гашуунсухайт боомттой хиллэдэг тус боомтоор өдөрт гарах нүүрс тээвэрлэлтийн автомашины тоо өндөр түвшинд хадгалагдаж, сүүлийн өдрүүдэд бараг 900-д дөхөөд байна.

БНХАУ Covid-19-ийг Үл тэвчих бодлогоо цуцалж, эдийн засгаа эргэн нээж байгаатай холбоотойгоор боомтын удирдлагууд цар тахлын зарим арга хэмжээг сулруулсан нь цаашид нүүрс тээвэрлэлт нэмэгдэхэд эергээр нөлөөлөхөөр байгаа юм.

Энэ оны эхний 11 сарын байдлаар авто замын боомтуудаас Гашуунсухайтаар нийт экспортын 60 орчим хувь нь гарсан бөгөөд тухайн хугацаанд 15.5 сая тонн түүхий эдийг нийт 21 мянга 800 тээврийн хэрэгслээр тээвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 120 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Ерөнхийдөө цар тахлын үед тасалдсан нүүрсний экспорт энэ онд эргэн сэргэж, 2019 оноос хойш анх удаа 30 сая тонн даваад байна. Он гарснаас хойш энэ сарын 22-ныг хүртэлх хугацаанд 30.3 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 90 хувиар өссөн дүн болжээ. "SXCoal"-ийн мэдээлснээр БНХАУ-ын 11 дүгээр сард импортолсон нийт коксжих нүүрсний 38 хувийг Монгол Улс дангаараа хангаснаараа хамгийн том нийлүүлэгч нь болсон аж.

Монгол улс Гашуунсухайтаас гадна Шивээхүрэн, Ханги, Замын-Үүд, Баянхошуу, Бургастай, Булган гэсэн долоон авто замын боомтоор эрдэс бүтээгдэхүүн экспортолж байна.

Мэдээллийн эх сурвалж: https://gogo.mn/r/9q9xg


тагууд: мэдээ