ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭНИЙ АВТОЗАМЫН БООМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭНЭ САРД НЭЭНЭ
БНХАУ Ковид-19 цар тахалтай тэмцэх хорио цээрийн дэглэмээ шат дараатай бууруулж, 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн хуурай замын хилийн боомтоор олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг сэргээхээр болсон. Үүнтэй холбогдуулан ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Р.Алтангэрэл, Консулын газрын захирал Б.Болд, Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хилийн хэлтсийн дарга Д.Болд нар хэвлэл мэдээлэл, олон нийтэд хандан мэдээлэл өглөө.
Сүүлийн гурван жилийн хугацаанд зогсоод байсан Монгол, Хятадын хооронд иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг эхний ээлжинд Замын-Үүд-Эрээний автозамын боомтын үйл ажиллагаагаар эхлүүлж байгаа бөгөөд зорчигч тээврийн хөдөлгөөн 1 дүгээр сарын 8-ны ням гарагт 08:00 цагт эхлэх юм.
Үүнтэй холбогдуулан дараах мэдээллийг хүргэв. Үүнд:
Зорчигч тээвэр:
БНХАУ-д зорчих иргэдийг БНХАУ-ын талаас доорх нөхцлийг үндэслэн нэвтрүүлнэ. Үүнд:
-Зорчихоосоо 48 цагийн өмнө ковидын ПСР шинжилгээ өгч, сөрөг хариу авсан байх ёстой. ПСР шинжилгээний хариу эерэг гарсан болон халуурах шинж тэмдэг илэрсэн бол хилээр нэвтрүүлэхгүй.
-Хятадын гаалийн аппликэйшнийг ухаалаг утсаараа англи, хятад хэлээр эсвэл цаасан хэлбэрээр монгол хэлээр урьдчилан бөглөсөн байна.
Эхний үед 300 зорчигчдыг автобусаар хилээр нэвтрүүлэх ба цаашид иргэдийн тоог 500, 1000 гэх мэт байдлаар нэмэгдүүлнэ.
Эрээн хотод зорчих иргэдийг хүлээн авах 22 зочид буудлын нэрс, үнийн саналыг хятадын талаас өгсөн.
Түүнчлэн нэгдүгээр сарын 8-ны өдрөөс 8 хүнээс доош суудалтай 20 ширхэг тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэх бөгөөд тоог цаашид нэмэгдүүлнэ. Тээврийн хэрэгслийн хувьд хятад талын түншээрээ дамжуулан тээврийн хэрэгслийн жолооч болон тээврийн хэрэгслийн мэдээллийг Хятадын Гаальд урьдчилан бүртгүүлж, Худалдааны товчооноос баталгаа гаргуулсан байна. Тээврийн хэрэгсэлд тавигдах Хятад улсын тээврийн хэрэгслийн стандарт, байгаль орчны шаардлагыг хангасан байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой. Тодруулж хэлэхэд хуучин загварын УАЗ469 автомашин нь техникийн болон зорчигч тээврийн аюулгүй байдал, Хятадын тээврийн хэрэгслийн стандартыг хангахгүй учраас хил хоорондын тээврийн хэрэгсэл болгон ашиглагдахгүй.
БНХАУ-аас Монгол Улсад зорчих иргэдийн хувьд Монгол Улсад эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй журмын дагуу нэвтрүүлнэ. Гадаад улсаас Монгол Улсад зорчиж буй гадаадын иргэд эрүүл мэндийн асуумжийг бөглөж нэвтэрнэ.
Ачаа тээвэр
Эхний үед монголын талаас өдөрт тэвштэй болон тавцант чиргүүлтэй 100 ачааны тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Тээврийн хэрэгслийн тоог аажмаар нэмэгдүүлнэ. Ачааны тээврийн хэрэгсэл цар тахлын өмнөх үетэй адил байдлаар хятадын талд орж ачааг чингэлэгтэй болон задгайгаар ачиж болно. Тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын холбогдох хууль дүрмийн шаардлагыг хангасан байх бөгөөд Хятад Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, ачааг хэтрүүлэн ачихыг хориглох, зөвхөн тухайн тээврийн хэрэгслийн үйлдвэрээс гарахдаа заагдсан хэмжээнд ачихыг зөвшөөрнө.
Тээврийн хэрэгслийн мэдээллийг урьдчилан Хятадын гаалийн байгууллагад бүртгүүлсэн байх, чингэснээр хилээр нэвтрүүлэх цагийг хэмнэнэ. Ингэснээр цаашид өдөрт хилээр нэвтрэх ачааны машины тоог нэмэгдүүлэх боломжтой.
Хятадын талын олон улсын тээврийн эрхтэй 30 ачааны тээврийн хэрэгсэл хилийн тээвэрт мөн оролцоно.
Мэдээллийн эх сурвалж: https://mfa.gov.mn/71921